"Би гэр бүлдээ үүнийг л хүснэ" 2017 оны улсын уралдааны шилдэг бүтээлүүд

Download
Tuesday, May 16, 2017

Сэлэнгэ аймагт хийгдсэн гэр бүлийн судалгаанд Та хүүхдээ хэр сайн ойлгодог вэ? гэж эцэг эхчүүдээс асуухад 80% нь "сайн ойлгодог" гэж. Харин хүүхдүүдээс ээж аав чинь чамайг хэр ойлгодог вэ? гэж асуухад 80% нь "огт ойлгодоггүй" гэж хариулсан байна.

 Эндээс бид хүүхдүүд юу хүсдэг, яавал ээж аав нь тэднийг "сайн ойлгодог" гэсэн хариулт авах вэ гэдэг асуулт гарч байна.

Хүүхдүүд гэр бүлдээ юу хүсдэг вэ?   

Дэлхий нийтээр жил бүрийн 5 дугаар сарын 15-ны өдрийг Олон улсын Гэр бүлийн өдөр болгон тэмдэглэдэг. Энэхүү өдрийн хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Дэлхийн Зөн Монгол ОУБ, Гэр бүлийн радио 104.5 хамтран “Би гэр бүлдээ үүнийг л хүсдэг” хүүхдийн гар зураг, шүлэг, зохион бичлэгийн улсын уралдааныг 12 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.

Тус уралдаанд Монгол орны өнцөг булан бүрээс 5000 гаруй хүүхдүүд гурван насны ангиллаар гар зураг, зохион бичлэг, шүлгийн төрлүүдэд шилдэг бүтээлүүдээ ирүүлж төрөл тус бүр нэг, хоёр, гурав болон тусгай байруудад шалгарсан байна.  

Шагнал гардуулах ёслолын ажиллагаа 2017 оны 5-р сарын 15-ны өдөр Монголын хүүхдийн ордонд болж Гэр бүл хүүхэд залуучуудын газрын дарга О.Алтансүх, дэд дарга Б.Халиун, Гэр бүлийн хөгжлийн газрын дарга Н.Өлзийхутаг, ахлах мэргэжилтэн Н.Оюунчимэг, Гэр бүлийн радио 104.5 захирал Б.Сансармаа, Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын Стратеги төлөвлөлтийн захирал Б.Болорцэцэг зэрэг албаны хүмүүс оролцон шалгарсан бүтээлийн эздийг урамшуулсан юм. 

"Уралдаанд ирсэн бүтээлүүдээс бид хүүхдүүдийг гэр бүлдээ юу хүсдэг вэ гэдгийг олж мэдээд эцэг эхчүүдэд тэдний хүслийг хүргэж байна. Энэ зөвхөн уралдаан биш судалгаа болохуйц өндөр ач холбогдолтой ажил юм." хэмээн Гэр бүл хүүхэд залуучуудын газрын дарга О.Алтансүх нээлтийн үгэндээ хэлсэн.

Гэр бүлдээ би эд баялаг, эрх мэдлийг хүсдэггүй

Гэр бүлдээ би эрүүл энх амьдралыг хүсдэг 

Гэр бүлдээ би гуниг гутрал зовлонг хүсдэггүй

Гэр бүлдээ би элэг бүтэн амьдралыг хүсдэг

                                  Сэлэнгэ аймаг, сурагч Н.Мишээл